Thursday, July 8, 2010

Залуу хүний заавал унших 100 ном

Залуу хүний заавал унших 100 ном
2010 оны 6-р сарын 17


Үндэсний портал GoGo.mn сайтын Э-Ном булан олон уншигчийн талархлыг хүртэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Та бүхэнд хүргэх дараагийн номыг танилцуулж байна.
Энэ бол "Залуу хүний ширээний ном"

“Ном бол эрин цаг гэгч давалгааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн"

Ф.Бэкон

"Залуу хүний ширээний ном”-д тэрхүү ЗАЛУУ ХҮНИЙ ЗААВАЛ УНШИХ 100 номыг шигшин оруулж, хүнд эдгээр үнэт оюуны баялаг юу өгөх вэ гэдгийг анх удаа хөндөн бичжээ. Өөрийн орон болон дэлхийн өнцөг булан бүрт Монголын нэрийг өндөрт өргөн сурч, ажиллаж байгаа 50 гаруй багш, оюутан залуусын хамтарсан бүтээл болсонд энэ номын хамгийн гол ач холбогдол оршино. Олон хүний хөдөлмөр сэтгэл шингэсэн, үнэхээр энэ төрлийн мэдээлэл нийгэмд хэрэгцээтэй байсан учраас хүмүүст хурдан хүрч байгаа юм болов уу.

Ер нь “сонгодгууд” хэдэн зууныг дамжин хүн төрөлхтнийг гэгээрүүлэн үнэ цэнэ нь улам өссөөр, гялалзсаар ирсэн юм. Хамгийн энгийн жишээ гэвэл залуу хүн Адам Смитын “Үндэстний баялаг”, Шарль Монтескьегийн “Хуулийн амин сүнс” уншиж танилцсан байхад хэнтэй ч нийгмийн ухааны үндэс болсон эдийн засаг, хуулийн талаар яриа өрнүүлж, нийгмийн ямар ч ороо бусгаа үед өөрийн амьдралаа аваад явж чадна. Александр Дюмагийн “Монте-Кристо гүн”-г уншсан залуу хүн хэзээ ч амьдралын буулган дунд нугдайн, зорилго тэмүүлэлгүй, “ажилгүй” амьтан суухгүй. Цорын ганц эмэгтэй, 2 удаагийн Нобелийн шагналт, суут хими, физикч Мари Кюригийн амьдралыг уншсан охидууд хэзээ ч тамхины утаа манан болсон Bar-д сууж цагаа үрэхгүй, 15 настайдаа гаргасан өөрийн бүх амьдралын турш хийх 500 жилийн ажлын төлөвлөгөөг 65 гаруйхан наслахдаа давуулан биелүүлсэн Оросын эцэг болсон их эрдэмтэн Отто Шмидтэй “уулзсан” хөвгүүд шөнөжин компьютрээр хоорондоо буудалцаж хонохгүй байсан. Стивен Спилбергийн кинонуудаас үзсэн хүн Солонгос савангийн дуурь үзэж цаг заваа үрэх байсан гэж үү?

“Залуу хүний ширээний ном”-д залуу хүний заавал уншвал зохих тус бүр 100 “шилдэг ном”, үзэж ухаажвал зохих “кино”, үлгэр дуурайлал авч үгийг нь сонсох үе үеийн “суут хүмүүс”, оюуны гимнастик болсон “сонгодог хөгжмүүд”, цахим ертөнцөд шинэ үеийн ажил хэрэгч залуусын мэдэх ёстой “цахим хуудаснуудын жагсаалт, "шилдэг дэлхийн сургуулиуд", "тэргүүн тэрбумтнуудын" тайлбар, товч агуулгыг дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж, амьдарч буй манлайлагч залуусынхаа саналыг авсны үндсэн дээр сонгон орууллаа. Мөн Монголын оюутанд олгодог бүхий л томоохон тэтгэлэгт хөтөлбөр, шагналуудын журам, ач холбогдлыг бодитойгоор авсан өөрийн туршлагаасаа хуваалцлаа. Ширээний номонд залуу хүн өөрийгөө цогцоор нь хөгжүүлэх ёстойг тайлбарлалаа. Залуу хүний хамгийн гол эх оронч үзэл бол “Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц өөрийгөө эх орондоо бэлдэх" юм. Дэлхийн иргэн болоход 8 түлхүүр-чадварыг бодит амьдралаар тайлбарласан.

Ер нь хүн юу үзэж харж, уншиж, хэний үгийг сонсож үнэт зүйлээ болгосноос тэр хүний амжилт цаашлаад амьдралын зам мөр нь шууд шалтгаалдаг. XX зууны суут физикч Алберт Эйнштейн нэгэнтээ “Би тийм агуу ухаантан биш. Зүгээр л сониуч зантай хүн” гэсэн байдаг. Ер нь Монголд удахгүй хэн нь хэн байсан, юу нь зөв байсныг хүмүүс ялгаж, салгаж чаддаг үе ирнэ ээ. Тэгээд ч одоо чадалтай, зөв бодолтой хүмүүс нь ямар ч зогсоох хүчгүйгээр түрэн гарч ирэх цаг болсон. Үүнийг шинэ үеийн залуус та бид л хийнэ. Одоо “хүн ам зүйн цонх үе” буюу ойрын жилүүдэд Монголын хүн амын дийлэнхи хувийг залуучууд, хөдөлмөрийн насныхан эзлэх юм. Энэ чухал эгзэгтэй үе хориодхон жил үргэлжилнэ. Үүнээс цааш “хөгшин” Европын араас орох нь. Иймд залуус манай ирээдүй биш “одоо үе” ч болж байгаа тул толгойг нь зөв цэнэглэж, чиглүүлэх хамгаас чухал асуудал болоод байна.

Үнэхээр тэр олон зууныг дамжин үнэ цэнээ алдаагүй оюуны их таашаалыг хүртэхгүй өнгөрнө гэдэг хувь хүндээ харамсалтай, нийгэмдээ их хортой юм аа. Тэгэхээр найзуудаа дэмий гуниглаж, уйтгарлаж, араатан шиг авирлахын оронд тэр оюунлаг ертөнцөөр хамтдаа аялцгаая.

1 comment:

  1. сайхан ном унших ч салахгүй ш үү дээ

    ReplyDelete